УРЛАГТАЙ-АСУУЛТ:-Байгалийн-хууль-уу?-Хүний-нийгэм-үү?

Капитализмын мөн чанарыг задлан шинжлэхүй

Карл Маркс капиталист байгууллын үед техникийн дэвшил ажилчин ангийн аж байдалд хэрхэн нөлөөлдөг талаар ийн бичжээ. “Бүтээсэн хөрөнгө хэдий чинээ өснө машин, техник технологи хэрэглэх явдал төдийчинээ өргөжиж, ажилчдын хоорондох өрсөлдөөн өсөж, цалин хөлс багасдаг” . Хөрөнгө өсөх тусам капиталист нийгэм эсрэг тэсрэг хоёр туйлд хуваагдах нь капиталист хуримтлалын түгээмэл хуулийн мөн чанар гэдгийг Маркс 200 гаруй жилийн өмнө харжээ. Харсан ёсоор нь ч болжээ.

Харин Макс Вебер “Анги бол хамтын нийгэмлэг биш юм. Ангиуд нь хамтын үйлдлийн бололцоот бааз суурийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тэд амьдралын боломж бололцоог хөндсөн өвөрмөц учир шалтгааны хүчин зүйлээр нэгдсэн олон тооны хүмүүс, энэхүү учир шалтгааны хүчин зүйл нь бараа таваар авах, орлого олох нэр хүндтэй болох гэсэн эдийн засгийн, хувийн ашиг сонирхлоор илэрхийлэгдэнэ. Энэ учир шалтгааны гол зүйл нь бараа таваарын болон хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөл байдлаар нөхцөлдсөн тохиолдолд л бид анги гэж ярих эрхтэй” гээд ангид хуваагдах үндсэн шалтгааныг зах зээлд санал болгож чадах өмч, үйлчилгээний төрөл буюу хүний боломжоос шууд шалтгаална” гэж үзсэн.

Нийгмийн давхраажилтын асуудал нь философи, шинжлэх ухаан, урлагийн бүхий л салбарт анхаарал татсан сэдвүүдийн нэг. Энэхүү сэдэв нь кино урлагт маш өргөн хүрээтэй хурцаар тусаж ирсэн байна. Ялангуяа сүүлийн 100 жилд эзлэн түрэмгийлэл, хувьсгал, иргэний дайн зэрэг маш олон түүхийн нугачааг туулж эдийн засгийн хүнд нөхцөлөөс хөгжингүй орон болтлоо үсрэнгүй хөгжсөн БНСУ-ын кино уран бүтээлчид давхраажилт болон нийгмийн олон янзын төрх байдлын асуудалд онцгой ач холбогдол өгч уран бүтээлдээ тусгасадаг байна. Үүний тод илрэл нь 2020 онд Оскарын кино наадам дээр шуугиан тарьсан Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон О юм.

Социологи суурьтай найруулагч

1990–ээд оны сүүлээр Солонгос киноны сэргэн мандалт эхэлж IM Kwon-taek (1936), HONG Sang-soo (1960), KIM Ki-duk(1960) зэрэг Солонгосын лидер киноны төлөөлөгчид улам нэмэгдэж. Өөрсдийн өнгө төрх, хэв маягийг сийлбэрлэдэг залуу найруулагчид PARKChan-wook (1963) тэргүүлж KIM Jee-woon (1964), RYOO Seung-wan (1973), BONG Joon-ho (1969) зэрэг Солонгосын кино урлагт шинэ эрч хүчийг нэмж байсан үе юм.

Найруулагч Бон Жон О нь өдийг хүртэл 15 кино найруулан нийтийн хүртээл болгосны найм нь богино хэмжээний, долоо нь бүрэн хэмжээний кино билээ. Түүний олон улсын зах зээлд сайшаагддаг нэг зүйл нь яах аргагүй нийгмийн тусгал болж чаддаг явдал юм. Энэ нь түүний социологич мэргэжилтэй найруулагч байхын онцлог давуу тал байхаас гарцаагүй.

Найруулагч Бон Жон О-гийн дэлхийн хэмжээний төслүүд болох “Цас ханзлагч”, “Шимэгч” кинонуудад нийгмийн давхраажилтын эрс ялгаатай байдал нь хувь хүний сэтгэл зүй болон гэр бүлийн харилцаанд ямар нөлөө үзүүлж байгааг киноны метафор, дүрсийн хэлээр баялаг бөгөөд амжилттай илэрхийлж чадсан байна. Ингэхдээ технологийн хэт дэвшил даяаршлын эрин үед нийгэмд дэг журам, ёс зүйн хэм хэмжээ ямар байдалтай байгааг задлан шинжилсэн байна.

Дүрийн үр: Шимэгчлэл бол байгалийн хууль

Киноны нэр гэдэг бол тухайн уран бүтээлийг гарын таван хуруунд багтахуйц цөөн үгэнд тодорхойлох оновчтой үгнүүдээс бүрдэх киноны нүүр царай юм. Найруулагч Бон Жун У өөрийн уран бүтээлийн цөм утга санааг ганцхан үгээр дээд зэргийн оновчтойгоор сонгон нэрлэжээ.

Шимэгч бол төрөл зүйлийн хувьд олон бөгөөд өөр хоорондоо ялгаатай. Тэд өөр амьтны биед орон эзнийхээ янз бүрийн эд эрхтэнд байрлаж түүнийхээ хоол тэжээлээс булаан өсөх боловч оронд нь хор ялгаруулж эзнээ тавгүйтүүлдэг. Мөн өсөж том болоод олон мянгаар гаргаж амьдардаг амьд биет юм. Кинонд гарах гурван гэр бүл ч гурван өөр аргаар шимэгчилдэг өөр, өөр төрлийн шимэгчид ба тэдгээр гэр бүлүүдийн тус тусын дотоод уур амьсгал, үзэл бодол нь гурван өөр нийгмийн ангийг харуулж байна.

Байгалийн хууль VS Киноны үйл явдал

Гол дүрийн гэр бүлийн (Ким Гитэ-гийн гэр бүл) (Song Kang-ho) шимэгчлэлийн аргыг Станиславскийн систем дэх “дүрийн үр”аргыг ашиглаж, “Маргад хэдгэнэцэр” төрөлд хамруулан жишээ татан тайлбарлая.

Анна Валлеринагийн “Байгалийн хөтөч” номонд өгүүлснээр маргад хэдгэнэцэрийн эм бодгаль үр удмаа хооллохын тулд хэрцгий хөнөөлт аргаар шимэгчилдэг. Тэд муужруулсан жоомондоо өндгөө шахах ба үндсэндээ өөрийн авгалдайг бие гүйцсэн хэдгэнэцэр болтол хөгжихөд шаардагдах хангалттай их хүнсээр хангаж өгдөг. Авгалдай жоомыг дотроос нь идсээр хорчийж хатахад нь бие гүйцсэн хэдгэнэцэр гарч ирнэ”. Энэ бол шимэгчдийн “Амьдралын эргэлт” тус эргэлт нь дөрвөн үе шаттай.

Хэдгэнэцэрийн амьдралын эргэлтийн нэгдүгээр шат

“Дайралт”

Хэдгэнэцэр жоомны биеийг хатгаж муужруулаад, түүний урд хөл толгой руу довтлохоос өмнө амжиж тархи руу нь хатгаж хороо шахдаг

Асуудлуудыг шийдэх амьдралын баталгаагаа хялбар хурдан аргаар олж авахын тулд шимэгчлэх нь нэг хөшүүрэг. Ги Ү-гийн (Woo-sik Choi) (Ким Гитэгийн хүү) найз урилгагүй зочилж ирэхдээ тэдэнд жоомны үүрний үүдийг нээж өгнө. Тэрээр Ги Ү-д нэгэн баян айлын охинд англи хэлний хичээл зааж, өөрийг нь орлож байх даалгавар оноогоод явна. Ги Ү (хүү) Ги Жон- оор (Park So-dam) (Ким Гитэгийн охин) хуурамч их сургуулийн диплом хийлгэнэ. Хэдий хуурамч бичиг баримт ч гэсэн хүүгээрээ бахархан зогсох аавыгаа хараад “хүү нь дараа жил заавал энэ сургуульд орно” гэж ам тангараг өргөн дайралтын эхний алхмыг хийхээр явна. Боловсрол бол амьдралын баталгаа олох нэг хувилбар харин ардчилсан нийгэмд баталгаажсан боловсролыг мөнгөөр худалдаж авдаг.

Дараа нь Пак (Lee Sun-kyun) захирлын эзэмшилд нэвтэрч түүний эхнэрт эхний хатгалтыг хийнэ. Эхэндээ Ги Ү-д итгэлгүй байсан боловч түүний охин Пак Да Хэ-д (Hyun Seung Min) багшлах арга нь чадварлаг бөгөөд хичээлийг бүрэн гартаа авч охины биеийн хэлэмжийг уншиж байгаа нь гайхшруулж орхисноор эхний хатгалт амжилттай болсон. Ингээд нэгэнт ороод ирсэн учир бусдыгаа ч мөн оруулах хэрэгтэй. Ги Жоныг Пак-ын бага хүү Пак Дасонд (Jung Hyun Joon) уран зургийн багшаар жоомны үүр лүү нэвтэрч тус тусын хатгалтаа хийж хороо шахав.

Хоёрдугаар үе шат

“Мансууруулах”

Нэгэнт муужирсан жоомны тэмтрүүлийнх нь талийг тасалж авсан ч зүгээр байдаг. Энэ нь магадгүй хэдгэнэцэр хорт шингэнээ дамжуулах хатгуураа алдсан тохиолдолд ч жоомыг өөрийн эрхшээлдээ байлгах арга байж болох юм.

Тэд богино хугацаанд баян айлын итгэлийг олж авснаар амьдрал илүү тав тухтай итгэл найдвартай болж эхэлж байв. Тэднийг хүссэн бүхэндээ итгүүлж эздээсээ ч олон жил тэдний харшид амьдарсан үйлчлэгчийг сүрьеэтэй харагдуулж, залуухан боловсон жолоочийг хар тамхинд донтогч, гаж донтон мэт итгүүлснээр өөрсдийн өрсөлдөгчдийг Пак захирлын гэрээс төвөггүйхэн хөөв.

УРЛАГТАЙ АСУУЛТ: Байгалийн хууль уу? Хүний нийгэм үү?

Гуравдугаар шат

“Хүчинд автах”

Хэдгэнэцэр уг муужирсан жоомыг “яг л нохой хөтөлж яваа юм шиг” түүний гэмтсэн тэмтрүүлээс чирч явна. Тэрээр эзэн болох организмаа нүх рүүгээ чирч оруулан өндгөө бие рүү нь шахна.

Ги Ү, Ги Жон нар өндөр боловсролтой багш нарын дүрээр Ким Гитэ, Пак захирлын итгэлт жолооч болж олон жил жолоо барьсан жолоочийн дүрээр, Жүн Сүг (Jang Hye-jin) (Ким Гитэгийн эхнэр) дээд зэргийн үйлчлүүлэгч нарт үйлчилдэг чадварлаг гэрийн үйлчлэгчийн дүрээр Пак захирлын гэрт үүрлэв. Пак-ын гэр бүл энэ бүх хуурамч мэдлэг, гадаад үзэмжид хууртаж байгаа ч тэднээс ханхлах үнэр багны цаадах үндсэн гарал үүсэл, худал хуурмаг бүхнийг нууж чадахгүй гэдгийг ухааруулж байлаа.

Пак-ын гэр бүл аяллаар явсан өдөр Ким- ын гэр бүл тэдний харшид амьдарч буй хүмүүс шиг авирлаж санаж бодох зүйлгүй гэртээ хийдэг болгоныг хийж байв. Оройн хоолны цагаар бөөндөө сууж наргиж цэнгэж байх үедээ Ги Ү “энэ гэр минийх болно би Пак Да Хэ-тэй (Пак захирлын охин) үерхдэг би түүнтэй гэрлэнэ” хэмээн тэнд амьдрах тухайгаа ярилцаж байна. Энэ бол тэдний өндгөө шахаж бүрэн гүйцэд боловсрох арга.

Яг энэ мөчид гэнэтийн зочин хонх дарна. Хуучин гэрийн үйлчлэгч Мүнгүон (Lee Jeong-eun) зооринд юмаа мартсан гэж шалтаглан орж үүрлэж байсан байрнаасаа өөрийн тэжээвэр нөхрөө авахаар иржээ. Төсөөлөөгүй энэ үйл явдлаас болоод Кимийн гэр бүл ч мөн үйлчлэгч Мүнгүонд баригдав.

Дөрөвдүгээр шат

“Томоос том хоол”

Өндөгний хөгжил дуусаж, авгалдай гарч ирмэгцээ амьд жоомны биеийг дотроос нь идэж эхэлнэ. Ингээд авгалдай хүүхэлдэйлж нэг долоо хоног гаруй хугацааны дараа бие гүйцсэн хэдгэнэцэр болж хөгжин гарч ирдэг.

Бие биенийхээ нууцыг мэдэж хэн хоолтойгоо үлдэх талаар арсалдаж байхад эзэд ирж гэрлээ асааснаар шимэгчдийн тэмцэл сүүдэрт өрнөв. Гэвч хоёр шимэгч гэр бүл өөрсдийн идэш тэжээлийг булаацалдсанаар хэн хэн нь дөрөвдүгээр шатыг гүйцэлдүүлж туулийн зорилгодоо хүрч чадаагүй. Асар их гарз хохирол киноны төгсгөлд учирч, энэ бүхний эцэст Ги Ү дахин бүхнийг эхлэх тухай мөрөөдөн сууж буйгаар кино төгсдөг. Амар хялбараар хэтэрхий хурдан оргилд хүрсэн хүн унахдаа их бэртдэг биш гэж үү. Азаар аль ч нийгэмд амьдарч байсан бид мөрөөдөх эрхтэй билээ.

Кинонд нийгмийн давхраажилтыг тусгасан нь

Шимэгч кинонд нийгмийн дээд, доод, ёроол гэсэн гурван ангийн аж амьдралын хоорондын ялгаа, доод ангиас дээд анги руу тэмүүлэх тэмцэл, дээд анги нь өөрийн байр сууриа хамгаалах тэмцэл, ангиудын өөр өөрийн гэсэн уур амьсгалыг ил тод тусгаж өгчээ.

Нэгдүгээр бүлэгт өгүүлсэнчлэн, нээлттэй нийгмийн ангийн онцлог нь хувь хүн өөрийн давхраагаа солих боломжтой учраас ангиудын тэмцлийн үйл явц илэрхий хурц явагддаг болсон. Нийгмийн ангиуд өөр хоорондоо огтхон ч зохицож амьдрах сонирхолгүй байдаг. Заавал бие биенийхээ дээр гишгэлцэж дээд давхраанууд руу тэмүүлдэг бол дээд давхрааныхан доороос орж ирж буй доод давхраагынхныг дэвсэлж өөрсдийн байр сууриа мэдрүүлэхийг зорьдог.

Дээд анги: Пакын гэр бүл

УРЛАГТАЙ АСУУЛТ: Байгалийн хууль уу? Хүний нийгэм үү?

Дээд давхаргынхны хувьд гэнэн итгэмтгий, хүний үгээр толгой хийсэн байдалтайгаар кинонд гардаг. Тэр тусмаа өөрсдийг нь байнга дээд зиндааных гэдгийг мэдрүүлж байдаг зүйлсэд дуртай. Камерын дүрслэл нь дээрээс доош чиглэлтэй араасаа хэн нэгийг дагуулсан сцен их гардаг. Дээд ангид хэлбэр бол маш чухал. Үнэтэй брэнд, тухайн цаг үедээ онцгойд тооцогдож байгаа бүх зүйлсээр тэд өөрсдийн нэр төрөө баталгаажуулж, дээд ангийнх гэдгээ мэдэрч амьдардаг. Гэхдээ энэ бол тухайн амьдарч буй орчноос нь ирж буй тэдний шаардлага юм. Үнэн хэрэгтэй тэд бусдын л адилыг хүсдэг ч байж болох юм.

Жишээ:

– Аяллаас ирж байхдаа хадагтай Пак үхрийн махтай хямд бэлэн хоолыг бүгдийг нь иддэг.

– Пакын машинаас олдсон дотуур хувцас, мансууруулах бодис хэрэглэсэн байж магадгүй гэсэн таамаглалыг эзэгтэй өөрийн бэлгийн төсөөлөлтэй хольж хутгана.

Тайлбарлах нь:

Эдгээр үйлдлүүд нь зүгээр ч нэг тохиолдоогүй бөгөөд түүний дотоод эгэл жирийн зүйлсийг хүсдэг нууцхан хүслийг харуулж байна. Орчин тойрны хүмүүсээс ирж буй хандлага энэ гоё, энэ сайхан, энэ бохир, энэ чанартай гэх мэт амьдралд нь үргэлж дагалдаж явдаг хараа хяналт нь тэдний амьдралд үүрэг оноож байдаг. Дээд ангийнхан ч энэ нөхцөлдөө дасан зохицсон байдаг ба тусгай хүмүүс шиг аашилж аягладаг нь киноны төгсгөл хэсэгт Пак захирлын амиа алдах ганц шалтгаан болдог.

Доод анги: Кимийн гэр бүл

УРЛАГТАЙ АСУУЛТ: Байгалийн хууль уу? Хүний нийгэм үү?

Ким Гитэ-гийн гэр бүл бол тогтсон орлогогүй, баталгаажсан боловсролгүй ядуу доод анги. Гэхдээ тэдэнд өөрсдийн амьдрах арга барил байдаг. Заль мэх, бусдыг өөртөө татаж итгүүлэх чадвар, дасан зохицох чадварууд нь амьдардаг орчноосоо олж авсан тэдний арга барил юм. Амьдралд тохиолдсон жижиг аз завшаан дээрээ арга барилаа нэмээд дээд давхраа руу зүтгэж эхэлдэг. Тэдний төрхөөсөө авахуулаад өнөө маргаашаа аргацааж амьдардаг амьдрах сэтгэлгээ, амар хялбар түргэн аргаар өөрийн хүссэндээ хүрэх эрмэлзэл нь энэ гэр бүлийг бүхлээр нь залгисан. Ингэж бохир аргаар амьдрах боломжтой гэдгийг тэд л мэддэг бас нэгэн шалтгаан нь тэднийг хэн ч анхаардаггүй учир эрх чөлөөтэй сэтгэх боломжтой байдагт оршино. Тэдний хандлага үзэл бодлыг доорх хоёр жишээнээс харж болно.

Жишээ: Киноны хэсгээс…

Ким Гитэ:

Төлөвлөхгүй байх нь сайн талтай амьдрал төлөвлөснөөр болдоггүй. Энэ олон хүн өнөөдөр спорт зааланд хононо гэж төлөвлөсөн гэж үү? Үгүй шүү дээ үүнтэй адил төлөвлөх шаардлагагүй төлөвлөхгүй байвал алдахгүй хүн алсан ч, улсаа зарж байсан ч…

Тайлбарлах нь:

Төлөвлөлт гэхээсээ илүү аюулгүй амьдрах амьдралын баталгаа байхгүйд л учир байна. Учир нь тэд хэзээ ямар тохиолоор дайралтад өртөж яаж устаж алга болохоо ч мэдэхгүй, төлөвлөгөө гаргасан ч биелэх магадлал бага гэсэн үг. Ямар ч амьдралын баталгаа байхгүй урагшлах секунд бүр ирээдүй, тэр ирээдүйд юу тохиолдохыг сохроор бодож төлөвлөн итгэж найддаг. Энэ найдварыг бэхжүүлэхийн тулд ямар нэг хэрэгцээгээр өөрсдийгөө хангадаг.

Ёроол анги: Сэ Бунсүгийн гэр бүл

УРЛАГТАЙ АСУУЛТ: Байгалийн хууль уу? Хүний нийгэм үү?

Ёроол хэсэг бол нийгмээс бүр мөсөн тусгаарлагдсан орхигдсон анги, өөрийнхөө амийг аргацааж оршиж байдаг хүмүүс. Тэдний амьдрал илүү далд нүдэнд үл үзэгдэх байдалтай. Нэг талаасаа өрөвдөлтэй амьдрал, хэн нэгэн эсвэл ямар нэг нийгмийн шалтгаан хүмүүсийг ёроол хэсэг рүү түлхсэн байдаг. Кинонд ёроол ангийн төлөөлөгч Сэ Бунсүгийн (Park Myung-hoon) эрхэлдэг байсан бизнес нь дампуураад мөнгө хүүлэгчдэд асар их хэмжээний өртэй болоод тэр мөнгөө буцааж төлж чадахгүй учир зооринд нуугдаж амьдардаг болсон байдаг. Орон гэргүйчүүд, хар тамхи, архинд донтогсод гадуурхагдсан, шоовдорлогдсон хүмүүс ч бас нийгмийн ямар нэг хүчин зүйлээс болоод цөлөгдөж ёроол ангийг бүрдүүлж амьдардаг. Кинонд нөхөр Сэ Бунсүг шатаар явж байгаа нь шавьж шиг алхаатай, юм идэж буй нь хүртэл чихээд залгих нь хоолоо таашаах биш ходоодоо дүүргэх зориулалттай идэж байгаа нь жихүүцэл зэвүүцлийг илүүтэй хүргэхүйцээр дүрсэлжээ. Дөрвөн жил гурван сар арван дөрвөн өдөр зооринд үүрлэсэн учир түүний амьтдаас ялгарах хүний шинж нь алгуур устаж эхэлснийг жүжигчин чадварлаг тоглолтоороо харуулна.

Кино хэл: Найруулагчийн шийдэл адилтгалд хувирах нь

Судлаач Майкл Райаныхаар бол кино найруулагчдын хувьд “хэлбэр” арга барил нь амин чухал үүрэгтэй байдаг. Кино зураг авалт хийхийн тулд сэдэв санаагаа хүргэх, төлөөлүүлэх тодорхой ертөнцийг яг таг дүрслэх, хүссэн төгсгөлдөө ямар хэлбэрээр хүрэх зэргээ шийдэх хэрэгтэй болдог. Түүнчлэн камераа хаана байрлуулах, өөр өөр байрлалаас авсан дүрс эргээд үзэгчдэд ямар нөлөө үзүүлж болохыг найруулагчид тунгаан шийдэх хэрэгтэй болдог. Үйл явдал бүрийг гол дүрийн өнцгөөс харуулах уу, эсвэл эн тэнцүү байдлаар харуулах зэргээс шалтгаалж дүрсний илэрхийлэмж ямар нэг далд санааг илэрхийлж байдаг.

Кино хэл: Камерын дүрслэл

– Доод давхраанаас дээд давхрааны хүмүүстэй харьцаж буй байдал нь камерын дүрслэлд ихэвчлэн доороос дээш чиглэлтэй сүрдсэн хүлээн зөвшөөрсөн шинжийг илэрхийлж байна. Ги Ү, Пак захирлын гэрт анх очиход бүх зүйл том мөн гэрэл гэгээтэй гялбасан их нарны тусгалтай цэлгэр мэдрэмж төрүүлэхээр зураглалууд үргэлжилдэг.

– Гэтэл охин дүү Ги Жон нь Пак захирлынд ирсэн өдрөө шууд өөрийн байр суурийг тодорхойлдог, гэрийн эзэгтэй Ги Жонтой тэгш хэмд харьцдаг ба Ги Жон өөрийн арга барилаараа гэрийн эзэгтэйг шууд удирдаж эхэлдэг. Үүнийг камерын дүрслэлд эзэгтэй Ги Жон луу харж байгаа өнцөг тэгш эсвэл дээшээ чиглэлтэй байдаг ба Ги Жон эзэгтэйг өөрийнхөө доод талын суудалд суулгаж өөрийгөө эзэгтэйгээс дээгүүр тавьж үнэлдэг.

– Кимийн гэр доторх зураг авалт нь дээрээс доош эсвэл харанхуй нам дор газартай ойрхон зураглалтай байдаг.

Кино хэл: Үнэр

Доод ангийнхан ухаалаг байгаа хэдий ч Ким Гитэгийн гэр бүлийн давхарга үндсээрээ өөрчлөгдөөгүй доод давхаргын шинж тэмдэг нь тэднээс салаагүй байгааг тэднээс ханхлах үнэр илтгэнэ. Үнэр бол мэдээлэл дамжуулагч, хадгалагч юм.

Жишээ: Киноны хэсгээс…

Ким Гитэ: Бид бүгд өөр өөр савангаар хувцсаа угаах хэрэгтэй болж байна уу?

Ги Жон: Үгүй ээ. Энэ бол хагас подволын үнэр. Эндээс явж байж л энэ үнэр арилна.

Харин дээд давхраа буюу Пак захирлын гэр бүлийн хувьд олон нийтийн газрын (метро) хурц үнэртэй харьцуулдаг. Ер нь бол бодит амьдрал дээр ядуу хүмүүс баян хүмүүсийн дэргэд байна гэдэг амаргүй. Гэтэл кинонд үргэлж ялгагдаж байдаг эдгээр ангиуд нь маш ойрхон байдаг. Тэд бие биенийхээ үнэрийг хүртэл ялгаж мэдэрч чаддаг.

Найруулагч Бон Жон О

… бид үнэрийг хайхрахгүй байхыг маш их хичээдэг ч бидэнд үргэлж саад болдог. Бид хэн нэгэнтэй танилцахдаа хувцас, утас, цаг, цүнх зэргийг нь үнэтэй эсэхийг зөн совингоороо анхаарч хардаг. Хангалттай ойртвол хэрхэн үнэртэж байгааг нь хүртэл анзаардаг.

Биднээс үнэртэх үнэр хүртэл нийгмийн давхаргын асуудал юм.

Кино хэл: Шат

Шат бол уг киноны нийгмийн ангиудыг хооронд нь ялгаж мөн холбож буй маш чухал хэрэглэгдэхүүн юм. Шатаар уруудах тусам нийгмийн хамгийн доод ангиуд руу тэдний амьдралын үнэн дүр төрхийг харуулсан үзэгдлүүд нэлээдгүй гардаг. Харин шатаар өсөх тусам гэрэл гэгээ рүү илүү ойртож илүү цэвэр цэмцгэр, цэлгэр байдал угтдаг.

Доод ангийн тоглогчид Кимийн гэр бүлээр дамжуулан энэхүү шатны тоглолтыг илүү сайн гаргаж өгдөг. Пак захирлын гэрт ирэхэд олон тооны шатаар өгсөж ордог бол өөрсдийн гэр рүү явахдаа олон шатаар уруудаж доош буудаг. Харин ёроол анги орших зоорь луу явахдаа маш харанхуй нарийн урт шатаар доош уруудсаар ёроол ангийн амьдралыг гаргаж ирсэн байдаг.

Кино хэл: Ус

Хүчтэй ширүүн бороо орж байсан шөнө Ким гэр бүлээрээ харшаас зугтан гарч байхад дээрээс доош уруудах чиглэлээр камерын зураглал муу усны хоолой руу орж байна. Ингэж урсах өдрийг урьдаар үзэгчдэд таамаглуулна.

Жишээ: Ким Гитэгийн гэрийн гадаа согтуу хүн бие засах гэж байхад Ким Гитэ согтуу хүн рүү ус цацах мөчид өөрийн хүү Ги Ү рүү усаа цацаж орхидог.

Мөн хортон шавьжнуудыг усаар үлдэн хөөдөг. Нэг шөнийн аадар бороо нэг гэр бүлийн аяллыг цуцалж байхад нөгөө гэр бүлийн амьдралыг “цуцалж” байна. Энэ л хүний хэрэгцээ амьдрах итгэл, эрсдэл даах баталгааны ялгарал билээ.

СУИС-ийн төгсөгч

LEAVE A REPLY