123.5-тэрбум-төгрөгийн-хохирлыг-төлүүлэв

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын баг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-нд Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах аүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм.

Мөрдөгчдийн ажлын багаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж, “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани энэ сарын 6-нд сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлжээ.

LEAVE A REPLY