Олгогддоггүй-“Оюутан-хөгжлийн-зээл”

Олгогддоггүй "Оюутан хөгжлийн зээл"

Дээд боловсролын чанар, стандартыг сайжруулж, залуусын боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад “Оюутан хөгжлийн зээл” олгож эхэлсэн.

Үүний хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийг оюутны хөгжлийн зээлээр дамжуулан оюутнуудад олгохоор болсон юм. Тодруулбал, 2020-2021 оны намрын улиралд Боловсролын зээлийн санд хүсэлтээ гаргасан 5028 оюутанд 8.1 тэрбум төгрөг,  2020-2021 оны хаврын семистрт 6635 оюутанд 9.9 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор тооцоолсон байна.

Гэхдээ дээрх санхүүжилттэй холбоотой асуудал өнгөрсөн намраас эхэлж яригдсан. Учир нь Боловсролын зээлийн сангаас “Оюутан хөгжлийн зээл”-ийн санхүүжилтийг хугацаандаа олгоогүйн улмаас оюутнуудад багагүй чирэгдэл үүссэн юм. Тодруулбал,  сургалтын зээлийн санхүүжилт орж ирээгүй учир зээлээр суралцаж буй оюутнууд хичээл сонголтоо хийж чадахгүй, сургууль завсардахад хүрсэн.

Харин зарим сургууль дотооддоо зохицуулалт хийж, оюутнуудынхаа хичээлийг судлуулсан юм. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж иртэл сургуулиуд оюутнуудтайгаа гэрээ хийж, хичээлийг нь сонгох боломж олгосон.

Гэхдээ дээрх зээлийн санхүүжилт одоо хүртэл олгогдоогүй байна. Энэ нь төгсөх дамжааны оюутнуудад хүндрэл үүсгээд байна.

Тодруулбал, Боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж ирээгүй ч дотооддоо зохицуулалт хийж, оюутнуудад хичээл үзэх боломж олгосон сургуулийн нэг бол МУИС юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн захиргаанаас төгсөх ангийн оюутнуудтай холбогдож, төлбөрөө яаралтай төлөхийг шаарджээ. Тодруулбал, зээлийн санхүүжилт одоо хүртэл бүрэн орж ирээгүй учир сургуулиа төгсөхийн тулд төлбөрөө төлөх шаардлага үүссэн байна.

Энэ талаар МУИС-ийн НУС-ын Эдийн засгийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан н.Эрдэнэ /нэрийг нь өөрчлөв/

“Би 2018 оноос хойш “Оюутан хөгжлийн зээл”-ээр суралцсан. Боловсрол эзэмших хүсэлтэй ч эдийн засгийн боломж хязгаарлагдмал хүүхдүүдэд боловсролын зээл том боломж олгодог. Гэхдээ энэ жил Боловсролын зээлийн сангаас санхүүжилт орж ирэхгүй байгаатай холбоотойгоор оюутнууд хүнд байдалд суралцаж байна. Намар хичээл сонголт хийхийн өмнөхөн төлбөрөө төлөхгүй бол суралцах боломжгүй тухай яригдаж эхэлсэн. Зээлээр суралцана гэсэн төлөвлөгөөтэй байсан учир сургалтын төлбөрөө зэхээгүй байж таарсан. Тиймээс дээрх мэдээ том цохилтод болсон. Гэхдээ сургуулиас гэрээ хийгээд хичээлээ судлах боломж олгосон нь чухал шийдвэр байсан юм. Гэтэл сая сургалтын албанаас холбогдоод “Зээлийн санхүүжилт орж ирээгүй учир ирэх сарын 1-нээс өмнө төлбөрөө төлөөрэй” гэсэн. Мэдээж төлбөрөө төлөхгүй бол дипломоо авч чадахгүйд хүрнэ. 10 хүрэхгүй хоногийн дотор хоёр сая гаруй төгрөг олж төлнө гэдэг амаргүй. Оюутан хөгжлийн зээлээр суралцаж буй ихэнх оюутан санхүүгийн боломж хязгаарлагдмал ч суралцах чин хүсэлтэй залуус байдаг. Тиймээс бидэн шиг дундаж амьдралтай хүмүүс ийм богино хугацаанд тэр хэмжээний мөнгө олох боломж хомс. Төлбөрөө төлөх ёстой тухайгаа эрт мэдсэн бол мөнгөө бэлтгэхэд илүү дөхөм байх байсан” гэлээ.

Боловсролын зээлийн санхүүжилт олгох эсэх талаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд өнгөрсөн гуравдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр “Энэ долоо хоногтоо багтаж 2020-2021 оны намрын улиралд хүсэлт гаргасан 5028 оюутны сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгоно. Харин хаврын семистрын санхүүжилтийг дөрөвдүгээр сард олгохоор төсвийн хуваарьт тусгасан. Оюутны хөгжлийн зээлийн хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг харгалзан салбар яам болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог” гэжээ. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн санхүүжилт олгогдоогүй нь төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллаж буйг гэрчилж байна.

LEAVE A REPLY