Н.Энхбаяр:-Бид-хоёр-талаасаа-ярилцаж,-нэгдэж-ажиллахаар-явж-байгаа


МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2021.05.21/ намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн талаараа мэдээлэл хийлээ. Тус нам нь Их хурлаа хийж, гишүүд дэмжигчдийнхээ нэгдсэн байр суурьтайгаар намаа татан буулгахаар болжээ. Мөн энэ удаагийн шатны сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэгдэж, дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР “Өнөөдөр бид Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл. МАХН-ын гишүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зүтгэлийн эхлэл гэж үзэж байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд бид намынхаа анхан шатны бүх байгууллагаас санал авах, онлайн хурал хийх, гишүүдтэйгээ уулзах байдлаар энэ ажлыг зохион байгуулж, хамтарсан хурал, МАХН-ын анхны шатны хурлаар МАН, МАХН нэгдэн, нийлэх ажлыг дэмжсэн. Мөн бид МАН-тай нэгдэхдээ хэд хэдэн зүйлийг баримталсан. Бид угаас нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай намууд. 10 жилийн өмнө бид тодорхой асуудлаар өөр өөр байр суурьтайгаар салсан ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд маань үр дүнгээ өгсөн. Тухайлбал, МАНАН гэдэг улс төрийн үзэгдлийн эсрэг үзэгдэл. Энэ үзэгдлийг хор уршгийг МАН-ын удирдлагууд сайн мэдэрч, МАНАН-ийн эсрэг тэмцэх тэмцэлд орж байсан удаатай. Мөн өнөөгийн удирдлага бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна. Энэ ажлыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шийдвэрээ гаргаж байна” гэв.

Харин цаашид “МАН, МАХН-ын нэгдэл ямар нэрээр явах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Нэрний хувьд ажлын хэсэг дээр ярьж МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ. Тиймээс энэ хоёр нэр хоёуланг нь ашиглаад өөр бусад намууд хэрэглэхгүй байхаар тооцсон. МАН, МАХН нэгдэх асуудлаар ажлын хэсэг байгуулж, ямар нэгэн байдлаар аль нэг тал нь өөртөө тааруулах байдлаар шийдвэр гаргахгүй, хамт ажиллан уриа гаргаж, гэрээгээ байгуулаад явна гэдэг зүйлийг ярьсан. Мөн МАН-ын Бага хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ дүрмээ мөн Улсын дээд шүүхэд өгч байгаа. Намын шат шатны байгууллагад МАХН-ын төлөөлөл орох бололцоог нээж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Бид хоёр талаасаа ярилцаж, нэгдэж ажиллахаар явж байгаа” хэмээн тодруулав.

 

LEAVE A REPLY