СЕХ:-АН-ын-гишүүний-баримт-бичгийг-хүлээн-авлаа
СЕХ: АН-ын гишүүний баримт бичгийг хүлээн авлаа

НЭМЭЛТ: 23.45 ЦАГ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2021.05.05)-ийн шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгалаа.

Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авлаа.

 

СОНГУУЛИЙН ЕӨРНХИЙ ХОРОО


СЕХ С.ЭРДЭНИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАВ

НЭМЭЛТ: 23.30 ЦАГ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн холбогдох бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбөяр дөнгөж сая мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн, иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд ирүүлэхийг мэдэгдсэн юм.  СЕХ С.Эрдэнийн материалыг хүлээн авсан байна.

СЕХ өнөө өглөө О.Цогтгэрэлийн талын АН-аас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзаж, хоёр тал дотоод асуудлаа шийд хэмээгээд буцаасан. Үүнийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд талбайд өлсгөлөн зарлаад байгаа юм.

С.ЭРДЭНЭ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН БАРИМТ БИЧГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 20:45 ЦАГ

СЕХ-ны хуралдаанаас өгсөн үүргийн дагуу АН-аас нэр дэвшихээр хандаад буй С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын  материалыг нягтлан шалгаж байна.

БАРИМТ БИЧГИЙГ НЯГТЛАН ШАЛГАЖ ХҮЛЭЭН АВАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хүлээж авахыг түр хойшлуулсан билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан.

Иймд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд  ирүүлэхийг мэдэгдсэн юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ шуурхай хуралдаж, “үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх” гэсэн хуулийн зарчмыг баримтлан холбогдох шийдвэр гаргалаа.

Хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2021 оны А/27 тоот захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын хэсэгт Ардчилсан Намаас нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нягтлан шалгаж, зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авах үүрэг өглөө.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

LEAVE A REPLY