Л.Энх-Амгалан:-Халдварын-тоо-буурвал-танхимын-хичээлийг-нэмэгдүүлнэ

Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ.

9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР: Нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 86,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.

Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43351 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь Улаанбаатар хотод байна.

Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 32836 суралцагч байна. Эдгээрийн 57,1%-ийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.

МОНГОЛ УЛСАД 0-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТООН МЭДЭЭЛЭЛ:

-9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 43,135 хүүхэд байгаа нь нийт 217,741 тохиолдлын 19,8%-ийг эзэлж байна.

-9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51,843 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 19,5%-ийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээлийн үйл ажиллагаа танхим, танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

Улсын хэмжээнд Ковид-19-ийн эсрэг вакцины хамрагдалтыг авч үзвэл 12-15 насны хүүхдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.

2021 оны 35 дугаар долоо хоногт нийт 11,212 ойрын хавьтал тогтоогдсоноос 8673 буюу 77,4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авч байна. Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Иймд халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

 

 

LEAVE A REPLY