Хэлмэгдэгсдийн-хөшөөнд-цэцэг-өргөж,-хүндэтгэл-үзүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан болон албаны бусад хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцов. Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ.

LEAVE A REPLY