Сонгинохайрхан-дүүрэгт-гол-өрсөлдөөн-өрнөх-нь…


УИХ-ын хоёр суудлыг нөхөх энэ удаагийн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлж батламжаа авсан. Хэдийгээр хоёр тойрогт сонгууль явагдах ч Сонгинохайрхан дүүрэгт гол өрсөлдөөн өрнөх дүр зураг харагдаж буйг улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурал өчигдөр орой болж өндөрлөсөн. Удирдах зөвлөлөөс Хэнтийн тойрогт аймгийн засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өрсөлдүүлэх санал оруулсаныг дэмжсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танхимаас СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч тэрбээр нэрээ татсан. Ингээд бага хурлын гишүүдийн 97.8 хувийн саналаар Ц.Идэрбатыг, 95 хувийн саналаар Э.Батшугарыг тус тус дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталжээ.

Өөрөөр хэлбэл, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аа эрх баригчидтай нэгтгэсний дараагаас 28 дугаар тойрогт Э.Батшугарыг дэвшүүлэхээр тохироо хийсэн гэж олон нийт таамаглаж байсан нь ийнхүү биеллээ оллоо. Эрх баригчид энэ удаад амьдралын эрхээр сөрөг хүчнүүддээ “зөөлөн боов” бэлдээд өгчихлөө. Уг нь хотын намын хорооны дарга Д.Сумъяабазар өөрийн багаас нэр дэвшүүлэх сонирхол байсан ч Н.Энхбаярын шахалтад орсон гэх яриа ийнхүү үнэнд нийцэв.

Харин АН-ын тухайд, Э.Бат-Үүл баатар тойрог сэлгэхээр боллоо. Тус намын ҮБХ өчигдөр хуралдаж 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгосон бол өмнөх сонгуулиар энэ тойрогт өрсөлдөөд ялагдсан Улсын баатар Э.Бат-Үүл Сонгинохайрханд очиж байна. Түүнчлэн ХҮН энэ удаад Хэнтийг орхиж, Сонгинохайрхны тойрогт Б.Найдалааг илгээлээ. Тэд өнгөрөгч оны сонгуулиар парламентад суудалтай болж, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч чамлахааргүй амжилт үзүүлэн нэр дэвшигч нь Ардчилсан намаас илүү санал авч олонд танигдсан билээ.

Ийнхүү гол гурван намынхан Сонгинохайрхан дүүрэгт гол хүчээ зарж буй бол УИХ-ын гаднахь намуудаас Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга, Хэнтий аймагт Паралимпын аварга Д.Баатаржавыг өрсөлдүүлэхээр сонгожээ. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Сонгинохайрхны 28 дугаарт өрсөлдөхөө мэдэгдсэн бол 2020 онд тус тойрогт “Сахигтун 19 эвсэл”-ээс нэр дэвшиж байсан хуульч Х.Бат-Ялалт энэ удаа бие даахаар болж. Мөн УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, тоймч Ш.Гантулга, олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингисхаан хэмээн тунхагласан цөөнгүй хүн бие дааж байгаа юм.

Ийнхүү парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаанд дөмөгхөн өөрчлөлт оруулж дөнгөхгүй ч хувь улстөрчдөдөө шат ахих боломж олгох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Өөрөөр хэлбэл, энэ сонгуулийн дүн УИХ-ын олонхийн харьцаанд ч, цөөнхийн бүлэгт ч нөлөөлөхгүй. Гуравдагч хүчнээс нэр дэвшигч сонгогдлоо ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээс хэдийнэ хоцорсон. Харин хувь улстөрчид л улс төрийн тоглолтод орох боломжийг олгох сонгуулийн марафон эхэллээ.

 

 

LEAVE A REPLY