Бэлчээр-яагаад-Монгол-хүн-бүрд-хамаатай-гэж

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур гурван баганын нэг болсон мал аж ахуйн салбар сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлоос үүдэн тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байна. Тухайлбал, чанартай нарийн соргог өвс ургамалын тоо жилээс жилд цөөрч шарилж, лууль голдуу хөл газрын ургамал элбэгшиж зарим нутаг дэвсгэр ургамал ч ургахгүй элсэн цөл болж байгаа нь тэнд мал амьтан оршин тогтнох боломжийг хязгаарлаж байна.

Тэгвэл чухам ямар шалтгаанаас үүдэж бэлчээрийн доройтол бий болоод байгаа юм бол?

Газар тариалангийн талбайнууд хадлан бэлчээрийн газартай зэрэгцэн хаяа тэлэх, уул уурхайн олборлолт нэмэгдэх, гаднаас олон тооны мал шилжин ирж, малын төвлөрлийг хяналтгүйгээр өсгөсөн зэргээс шалтгаалж бэлчээрийн хүртээмж багасаж талхлагдах болж. Мөн малчид уламжлалаа гээж, жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэж нүүдэллэх нь ч цөөрч. Энэ мэтчилэн олон шалтаг, шалтгааны улмаас бэлчээрийн доройтол өвсөнд тавьсан түймэр мэт жилээс жилд нэмэгдсээр байна. Гэвч монголчууд бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, зуун зууны туршид энэхэн нутаг дэвсгэртээ амьдарч ирсэн нүүдэлчин соёлыг тээж буй цөөн үндэстний нэг. Энэхүү байдлыг зүгээр харж суугаад хэн нэгэн ирж бидний бэлчээр нутгийг үржил шимтэй болгож өвс ногоог ахиухан ургуулж өгнө гэж гэнэхэн сэтгэлээр хэдэн биедээ найдаж хүлээвэл удахгүй малын хошуу хатгах өвсгүй цөл болох нь дамжиггүй.

 

…Бэлчээр нутаг маань бидний соёл уламжлалаа хадгалан амьдрах суурь нөхцөл гэдгийг хэзээ бид ухаарч нийтийн, байгалийн өмч гэж хэмжээ хязгааргүй, зохисгүй ашиглаж буй бэлчээрээ хайрлан хамгаалж эхлэх бэ? Ер нь манай улсад бэлчээр, малд санаа зовдог хүмүүс байна уу? Байгаа бол тэд юу хийдэг бэ? Гэх мэт олон асуултууд ундарсаар…

Тэгвэл бэлчээр хэмээх бүх нийтийн өмчийг хамгаалах, доройтлыг нь бууруулах, малчдын хувийн өмч болсон малын чанарыг нэмэгдүүлж тэдний амьжиргааг малаас гарч буй түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар дэмжих зорилготойгоор ШХА-ийн санхүүжилтээр “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл манай улсад 17 жилийн турш хэрэгжиж өдгөө өндөр үүдээ хаахаар үр дүн, өгөөж юугаа хэлэлцэж байгаа юм байна.

Урт хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнд олон сайхан ажлууд хийгдэж малчдын амьдрал ахуйд тус нэмэр болсон арга туршлагуудыг бий болгосон ба тэдгээрээс нэгийг цохон дурьдая. Эл хүрээнд нутаг орноороо тархан нүүдэллэх малчдыг хамтдаа ашиглаж буй дундын бэлчээрээ зүй зохистой, үр шимтэй ашиглахад нь дэмжих хамтын зохион байгуулалтад оруулах малчдын байгууллагуудыг хөгжүүлж чадлаа. Ингэснээр малчид хоорондоо уялдаатай, нэгэн цул болж, Бэлчээр ашиглах журам батлан бэлчээрийн төлөв байдлыг доройтуулалгүй, даацад нь тохируулан ашиглах гэрээ байгуулах болов. Ийнхүү 2016-2020 онд улсын хэмжээнд 44,2 сая га бэлчээрийн төлөв байдлыг бууруулалгүйгээр эрүүл төлөвт нь хадгалан 20,6 сая га бэлчээрийг сэргээн сайжрууллаа.

Энэ мэтчилэн тус төсөл Монголын тал нутаг, тэр дундаа малчин Батаа, Дулмаад цагийн аясаар өөрчлөгдөж байгаа нийгэм, эдийн засгийн нөлөөнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үнэлэгдэшгүй их бэлчээр нутгаа хэрхэн зөв зохистой ашиглаж, хойч үедээ өвлүүлэх арга барилыг орчин үежүүлэн сургав. Наанадаж л, бэлчээр хамгаалах асуудлыг сайжруулахын тулд малчид руу чиглэсэн үйл ажиллагааг түлхүү авч хэрэгжүүлэх нь үр дүнтэйг харууллаа. Ийнхүү малчдын бүлэг нөхөрлөл бий болсноор малчид хоорондоо нэгдэн тулгамдаж байгаа асуудлаа орон нутгийнхаа засаг захиргаа цаашлаад төрийн сонорт хүргэж, хамтран шийдвэрлэх чадвартай болж байгаа нь төслийн үр дүнгээс харагдаж байна. Мөн олон улсын малын гаралтай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд Монголын мал нь үнэхээр чанартай юу гэдгийг бататгахын тулд малчин нэг бүртэй уулзаж, ярилцах боломжгүй тул Монголоос түүхий эд авах талаар боддоггүй байсан бол одоо малчдын дундын байгууллагаар дамжуулан хүссэн стандарт, шаардлагаа тавин түүхий эдийг малчдын гар дээрээс авах боломж ч бүрдээд байгаа нь бахархууштай. Эдүгээ улсын хэмжээнд нийт 18 аймгийн 184 суманд 1575 бэлчээр ашиглагчдын хоршоо үүссэн бол “Бэлчээр ашиглагчдын бүлэг” байгуулснаас 1254 нь бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан байна.

Эцэст нь хэлэхэд, дээр дурдсан үр дүнг гаргахын тулд төслийн баг, орон нутгийн удирдлага, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачид, малчид хэрхэн хамтран ажилласан талаарх туршлагуудтай танилцах алтан боломжийг 2021/09/09-09/10-ны www.responsiblenomads.mn -сайтаар шууд дамжуулагдах “Бэлчээрийн Үндэсний IV форум” болон “Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийн хаалтын арга хэмжээнүүд танд олгож байна.
Дэлгэрэнгүйг:
https://www.facebook.com/events/364007492017969
https://www.facebook.com/events/232191178911780

LEAVE A REPLY