Эмч-нар-шаардлагыг-нь-хүлээн-авахгүй-бол-өнөөдрөөс-тэмцлийн-хурц-хэлбэрт-шилжинэ-гэлээ

Эмч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, суулт зарлаад өдгөө 10 гаруй хонож байна. Энэ хугацаанд суулт зарлаад байгаа эмч нартай УИХ-ын гишүүдийн төлөөлөл очиж уулзсан ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Харин өнөөдөр суулт зарласан эмч нар /2021.7.9/ төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаараа мэдээллээ.

Энэ талаар Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Монгол Улсын 56 мянган эмч ажилчдын төлөөлөл цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, бодит үр дүн гарахыг хүлээж 11 дэх өдрөө төв талбайд суулт хийж байна. Төр засгийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, эмч нарын цалинг нэмсэн мэт ташаа мэдээлэл гаргасаар байна. Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр гарч ирж бидний шаардлагыг авахыг хүсч байна. Талбай дээр сууж байгаа эмч ээлжийн амралтаараа зарим нь ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байхад салбар яам ч тоохгүй байгаад бухимдаж байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн авахыг шаардаж байна” гэлээ.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайд эдгээр суулт зарлаж буй эмч нартай хэлэлцээр хийсэн ч бодитой үр дүн гараагүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.  Өнөөдөр ихэнх төрийн албан хаагчид амарч байна. Гэтэл улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар амралтгүй ажиллаж байгаа. Тиймээс цалинг нь хоёр дахин нэмэх шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүлээж авахгүй бол цаашид бүх эмч, ажилчид ажил хаяна гэдгээ мэдэгдлээ. Түүгээр зогсохгүй тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ илэрхийлэв. Мөн салбарын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс эмч ажилдчдын цалинг бодитоор нэмж, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байна. Зүй нь 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэгдээгүй гэдгийг хэлж буй юм.

LEAVE A REPLY