Шууд:-Монгол-Улсын-зургаа-дахь-Ерөнхийлөгч-У.Хүрэлсүх-тангаргаа-өргөлөө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол болж байна. Тус ёслолд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы ирц 90 гаруй хувьтай байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Та бүхний өнөөдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдрийн ёслолд УИХ-ын 68 гишүүн хүрэлцэн ирсэн. УИХ-ын 2021 хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан нээснийг мэдэгдэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн дагуу шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөнө.

Тангараг өргөх чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа бүрэн эрхт дипломат төлөөлөгч нар, суурийн төлөөлөгч нар урилгаар оролцож байна” гэлээ.

Тангаргаа өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ хандаж үг хэллээ. 

Тэрбээр “Эрхэм хүндэт ард иргэд ээ,  монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж шударга ёс, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй. Энэхүү шударга ёс үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Шударга ёс тогтсон нийгэмд хүмүүс эрх, чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах учиртай. Ийм л нийгэм байгуулахыг ард түмэн хүсч шахаж шаардаж байгаа. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал зүйл бол хараат бус шударга шүүх прокурорын байгууллага.  Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид мэргэжлийн ур чадвар ёс зүйтэй байх, шүүх прокурорын байгууллага хууль дээдэлдэг, хараат бус хууль шүүхийн тогтолцоо болгох нэн чухал шаардлагатай байна. Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Зөвийг эрхэмлэж, эвийг сахисан Төрийн тэргүүн байх болно” хэмээн тангараглалаа.

Ийнхүү тангаргаа өргөсөн шинэ төрийн тэргүүнд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тамгыг гардуулж өгснөөр түүний бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зориулан ард түмнийг төлөөлж сансрын нисэгч Ж.Гүррагчаа үг хэлсэн юм.

LEAVE A REPLY