Хэрлэн,-Туул-гол-үерийн-түвшинг-23см-ээр-давсан-хэвээр-байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 17-ны байдлаар Их Хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23см-ээр даван үерлэсэн хэвээр байна.

Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Туул гол Зайсан орчимд усны түвшин өмнөх өдрөөс 9см-ээр нэмэгдэн үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэсэн бол Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үерийн түвшнээс буусан хэдий ч гол үертэй хэвээр байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд битгий ороорой
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Иргэддээ анхааруулахад, голын ус, тогтоол усанд орохгүй байх.

Ялангуяа халуун, дулааны өдрүүдэд гол дагуу амарч, зугаалах үедээ бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ голын усанд битгий ороорой.

Гэр орон, хашаа байшингаа усанд автахаас урьдчилан сэргийлж, шуудуу татах, орон сууцны хороолол дахь сууц өмчлөгчдийн холбоонууд ус соруулах насосыг бэлтгэх чиглэлээр бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байна.

Мэдээж Нийслэлийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн дагуу иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дуудлага мэдээллийн дагуу очиж ажиллана” гэв.

ОБЕГ-аас:

Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөлөө.

LEAVE A REPLY