ЮНЕСКО-ийн-Шим-мандлын-нөөц-газрын-дэлхийн-сүлжээнд-Тосон-Хулстайг-бүртгэсэн-батламжийг-гардууллаа

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 оны аравдугаар сард болсон ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал хөтөлбөр”-ийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 32-р хуралдаанаар Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ГХЯ болон БОАЖЯ-тай хамтран Тосон-Хулстайн шим мандлын нөөц газрын батламж гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол Улс нь 1990-2007 оны хооронд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт зургаан газрыг бүртгүүлээд байсан бөгөөд үүнээс хойш 13 жилийн дараа Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг тус сүлжээнд нэмж бүртгүүлэв.

Тосон Хулстайн шим мандлын нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамардаг. Тус газар нь ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог.

Мөн Монгол тарвага, Манжуурын номин, Огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр амьтад нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Тиймээс ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлөөс Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ихээхэн ач холбогдолтой нутаг хэмээн үзэж тус сүлжээнд бүртгэжээ.

Тус газрыг шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд орж, улмаар байгаль хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээний өргөн хүрээнд ажиллах болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд бүрдэж байгаа юм.

LEAVE A REPLY