Өглөөний-гудамж-06:00-09:00-цагийн-хооронд-иргэдэд-үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр болж, цагийн хязгаартай ажиллах, автомашингүй гудамж төсөлтэй танилцлаа.

Энэ хүрээнд Гутлын 22-т өглөөний гудамж бий болгох бөгөөд энэ нь Улаанбаатар хотын иргэдэд өглөөний идэвхтэй амьдралыг бий болгох зорилготой. Иргэдэд ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа, наймаа хийх, өглөөний гүйлт, цаашлаад амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн сургалтад хамрагдах боломжийг олгох юм.

Өглөөний гудамж 06:00-09:00 цагийн хооронд нээлттэй байж, иргэдэд үйлчилнэ. Нийт 1647 ам метр талбайд 400-500 хүнийг хамарсан долоо хоногт гурван удаа арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ажил хэрэгч, эрүүл өглөө, чөлөөт өглөө гэх мэт хөтөлбөртэй байх юм.

Автомашингүй буюу шөнийн гудамжийг мөн хоёр гудамжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энд залуучуудад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна. Хоёр гудамжинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашингүй, худалдааны байгууламж барихаар зорьж байгаа гэнэ. Дээрх асуудлуудтай холбоотойгоор зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, өглөөний гудамжийг байнгын ажиллагаатай болгох санал гаргаж, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан эсэхийг асуусан юм. Аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахад энэ төслийг нааштай хүлээн авчээ. Хотын дарга “Эрсдэлээ тооцож, ажлаа сайн хийгээрэй” гээд захирамжийн төслийг танилцууллаа. Холбогдох хууль, тогтоолыг үндэслэн цагийн хязгаартай ажиллах автомашингүй гудамж төслийн хүрээнд сонгосон гудамж, талбайд бүтээн байгуулалт, зам талбайн тохижилтыг гүйцэтгэхийг үүрэг болгов.

LEAVE A REPLY